Join MultiplyOpen a Free ShopSign InHelp
MultiplyLogo
SEARCH

Mongolia ~~ The Edge of blue Sky ~~

2008.02.7 Sonin.mn Print This Post/Page

Монголын түүх, ёс заншил уламжлалын талаар мэргэшсэн эрдэмтэдийн нэг профессор С.Дуламтай ярилцлаа.-Цагаан сарыг тохиолдуулж, гахай жилийн сүүлийн дугаартаа таныг урилаа. Энэ том баяр ёслолын үүх түүхийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Цагаан сар гэдэг энэ сайхан баяр маш эртний уламжлалтай юм аа. Миний судалснаар аль эрт ан агнуурын үеэс овог, аймгууд хүйтний улирал болмогц ан хомрогт гарч “Их махан тайлга” хийж хүнсээ нөөцлөхийн хажуугаар овог аймгийнхаа хүн бүрт хувь хүртээдэг байж. Үүнийгээ тэд “Хувь сар” гэх болжээ. Гэтэл ан агнуур голлохоо байж мал аж ахуйн соёл үүсч, монголчууд сүү шимийг хоол хүнсэндээ хэрэглэдэг болж, цагаан идээний элбэг дэлбэг намрын сард баяр хийдэг болсноор “Сүүн сар” гэгдэх болжээ. Буриадууд болохоор “Hoon har” “Чигээ сар” гэх мэтээр нэрлэдэг юм.

-Өвөл, намар тэмдэглэдэг байсан баярыг хэдийнээс хавар болгон Цагаан сар гэж нэрийдэх болсон юм бол?
-XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар”-ын 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гээд их сайхан үг хэлсэн байдаг.

“Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго” гэж айлдсан баримт байдаг.

-”Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой” гэсэн Их хааны үг өдгөө цагийн өнгө төрхийг урьдчилан хараад хэлчихсэн юм шиг л сонсогдож байна.
-Цагаан сарыг хэрхэн ёслох вэ гэдгийг бидэнд тун ч тодорхой заагаад өгсөн байгаа биз дээ. Ер нь бид уламжлалаа сайн мэдэхгүйгээс болж цагаан сараа хүртэл ёс журмаар нь тэмдэглэж чадахгүй болоод байна.

-Тийм ээ. Яг энэ асуудлаар сүүлийн найман жил нийтийг хамарсан хэлэлцүүлгийг манай сонин явуулж байгаа. Уншигчид их дэмждэг хэдий ч жилийн жилд бахь байдгаараа байх шиг санагддаг юм.
-Нэг асуудлыг энд тов тодорхой хэлье. Монголчуудын хувьд цорын ганц баяраа тэмдэглэхгүй гэх юм бол Монгол Улс, монгол төр гэж байгаад яахав. Энэ баярыг тэмдэглэх, үгүйн талаар ярих нь тэнэг явдал. Бидний үндэсний уламжлал, ёс заншил, соёлыг илтгэсэн ганцхан баяр шүү дээ. Үүний дараа наадам орж байгаа юм.

-Тэмдэглэхээ больё гэх нь хаашаа юм. Яаж тэмдэглэх нь зохилтой бол оо гэсэн асуудлыг хөндөж байгаа юм.
-Яаж тэмдэглэх вэ гэвэл өөр хэрэг. Чингис хаанаас заасан байна. Хэр чинээндээ тааруулж ёслох ёстой юм аа гэж.

-Цагаан сарын идээ, шүүсийг яаж засах ёстой вэ. Айл өрх бүр ууц, идээ бэлтгэх нь зөв үү? Хэр чинээндээ тааруулах гэдгийг тодотгомоор байна л даа.
-Энэ талаар Анхдугаар богд Занабазар тодорхой хэлсэн байгаа.

Шүүсийн тухайд “гурван бүхэл” байдаг юм гэж. Тэвхэн ууц бүхэлдээ, төөлэй, дөрвөн шийртэйгээ байвал их бүхэл агаад үүнийг хаад, төр улсын эзэн хүнд л засаж байгаа юм. Харин тэвхэн ууц дангаараа дунд бүхэл болж, өтгөст засна. Үүнээс бусад нь бага бүхэл буюу ууц төлөөлж дал дөрвөн өндөр, уураг сүүлийг төлөөлж хонтой шаант, дотор эрхтнийг төлөөлж гургалдайг шүүсэндээ бэлтгэдэг. Дээр нь төөлэй байж болно.

-Төөлэй гэж юуг хэлээд байна вэ?
-Амьд амьтан дээр толгой гэж ярих болохоос хоол, шүүсний хувьд төөлэй гэж хэлдэг ёстой.

-Хүн болгон ууц тавих хэрэггүй гэсэн үг үү?
-Бага бүхэл маань өөрөө их бүхлийг бүрэн төлөөлж чадна. Бүтэн хонь чанасан гэсэн үг. Ёс мэддэг хүн бол ийм шүүсийг хараад л ойлгоно. Энэ нөхөр ямар бага мах чанаж бэлтгээ вэ гээд сууж байдаг цадигаа алдсан монгол хүн байхгүй.

Ийм сайхан ёсоо мэдэхгүйгээс болоод XIX зууны хүрээ баячуудын өөр хоорондын баярхсан өрсөлдөөнийг (ууц тавих) уламжлалаа гээд буруу ойлгочихсон байгаа юм. Журамлаад өгсөн ёс заншлаар бол одоо Ерөнхийлөгч л их бүхэл тавих ёстой.

-Идээний тухайд ийм тодорхой журам бас байдаг биз дээ.
-Идээ засах тодорхой журам бий. Дөрвөөр суурилсан, есөн үеэр зассан идээг зөвхөн улсын эзэн тавина. Үүнээс доош долоо, тав, гурван үеэр зассан идээг хэн ч тавьж болно.

-Тавгийн идээг сондгой тоогоор засдаг нь ямар учиртай юм бол?
-Жаргал-зовлон-жаргал гэсэн загварыг бэлгэдэж байгаа юм. Жаргалаар эхлээд жаргалаар дуусна гэсэн үг. Хэрэв гашуудлын ёс бол тэгш байж болно. Энэ бүхэн монголчуудын л философи юм даа. Идээний оройд заавал өрөм тавьж, шар тосоор залаалж байгаа нь сайн сайхны дүүрэн бэлгэтэй түвшин жаргалтайн идээ болж байгаа хэрэг.

-Цагаан сарын бэлэгний асуудал хамгийн шүүмжлэлтэй байдаг. Бэлэг өгч авалцдаг ёс байсан юм уу?
-Наяас дээш, наймаас доош насныханд хувь хүртээнэ гэдэг ёс бий. Эцэг эх нь үр хүүхдүүддээ, ах дүүс хоорондоо бэлэг өгч авалцдаг, ерөнхийдөө гар цайлгах гэсэн утгатай байсан зүйл. Цагаан сар учраас бүхнийг засч, цайруулж байна аа гэсэн үг. Цагаан сарын өнгөний бэлгэдэл нь өөрөө цагаан юм. Хуучин бидний багад гурван ёотон бэлгэнд авдаг байлаа. Энэ нь тооны ч, өнгөний ч бэлгэдэлтэй таарч байж. Зайлшгүй бараан өнгийн бэлгэнд бол гурван цагаан дагуулж өгдөг (ааруул, ээзгий, бяслаг гэх мэт). Ер нь бэлэгний уламжлал их эртнийх юм. 1215 онд цагаан сарын шинээр Чингис хаан барс цагт дээшилж өндөр мандалд гараад “Миний харьяат 892 хот, балгадын сангаас шар алт, бөс торгомсог гаргаж 60 настанд нэгэн хувь, 70 настанд хоёр хувь, 80 настанд гурван хувь, 90 настанд дөрвөн хувь, 100 настанд таван хувийн хишиг хүртээ. 110 настанг надад бараалхуул, 120 настанг таяг тулуулж, 120-иос дээш настанг сүйх тэргээр залан ирж надад бараалхуулж хишиг өглөг хүртээ. 120-иос дээш настанд “Их өтгөс” гэсэн цол өргөнө гэж. Эндээс харахад цагаан сар гэдэг ахмад настны баяр байсан нь тодорхой байна.

-Сонирхолтой баримт байна. Тухайлбал тэр үеийн монголчууд их урт насалдаг байсан юм уу гэсэн ойлголт төрлөө.
-Тийм шүү. Би ч гайхдаг юм. Урт насалдаг байснаас гадна эрүүл чийрэг байжээ гэсэн дүгнэлтийг “120 настанг таяг тулуулж надад бараалхуул” гэсэн үгнээс хийж болмоор байгаа юм.

-Цагаан сараар төрийн өндөрлөгүүд өндөр настанд золгодог нь уламжлал алдагдаагүйн шинж үү?
-Уламжлал хадгалагдаж ирсний нэг нотолгоо мөн л дөө. Харин цагаан сарыг хавар хийдэг болсныг Чингис хаан Доржбал хааныг устгаж Гүрвэлжингуа хатныг нь авч Тангад улсыг егүүтгэн их баяр үйлдсэн тэр сарыг Монголын анхдугаар сар гэж нэрлэх болсонтой холбож тайлбарладаг. Францын Луй Базин Монголын анхдугаар сар нь хоёрдугаар сарын 4-ний орчмоос эхэлж байсан гэж бичсэн байгаа. Төвдүүд “Хор да домво” гэж нэрлэдэг нь утгачилвал Монголын анхдугаар сар гэсэн үг. 1875 онд гарсан “Хөх түүх” номонд ч энэ сарыг барс буюу хоёрдугаар сар байжээ гэж бичиглэн үлдээсэн байдаг юм.

-Дээр дурдсан Чингис хааны өндөр настнуудад хүртээдэг “хувь” гэдэг нь юу байсан бол оо?
-Нэг хувь гэдэг нь нэг лан цалин цагаан мөнгө, 10 суулга амуу, нэг дээлийн бөс байж. 80-аас дээш настанд нэг хувийн хишиг дээр нь нэг цэн алт нэмж өгнө гэсэн байдаг. Бас нэг сонин зүйл бол хааны хишгийг заль мэхээр хүртэх явдал гаргахгүйн үүднээс “Ховдог шунахай ард хааны хишгийг заль мэх гаргаж хүртэх вий гэдгийг хавь ойр, хөршүүд нь хянатугай” гэсэн зарлиг гаргаж байсан байдаг.

-”Битүүнд битүүртлээ иднэ” гэж ярьдаг нь ямар учиртай юм бол?
-Өнөөгийн битүүлэг нь эрт цагийн “Их махан тайлга”-ын ёс уламжилж ирсний дурсамж юм. Битүүн гэдэг нь битүү мах зооглоно гэсэн үг шүү дээ. Харин битүүлэг зөрүүлнэ гэдэг нь “Хувь сарын” дурсамж.

Шинийн нэгэнд мах бус цагаалга, цагаан идээгээр дагнан ёсолдог нь “Сүүн сарын” уламжлагдсан дурсамж болно.

-Тэгэхээр битүүнд мах, шинийн нэгэнд цагаан идээ голлон зооглох ёстой гэсэн үг үү?
-Миний өөрийн судалгааны энэ санааг Өвөрмонголын эрдэмтдийн 1999-онд гаргасан “Монгол зан үйлийн нэвтэрхий толь”-д иш татан оруулсан байна билээ. Тэгэхлээр тэд зөвшөөрч байна гэсэн үг. Шинийн нэгний гол идээ болох цагаалга, аарц, өрөм, тос нь өсч үржихийн бэлгэдлийг агуулсан байж. Соёл гэдэг устаж үгүй болдоггүй бэлгэдлээр дамжин уламжлагддаг гэдгийг цагаан сарын битүүлэх, шинэлэх ёсон гэрчилж байгаа юм.

-Энд нэг зүйлийг асуухгүй байж боломгүй санагдаж байна. Мөр гаргах тухайд их ээдрээтэй зүйлийг зурхайчид талцаад ярилцах юм.
-Мөр гаргах нь зайлшгүй зурхайтай холбоотой зүйл. Төгсбуянт зурхайг гарсны дараа Монголд хэрэгжүүлж ирсэн.

-Буруу өдрөө шинэлж байна гээд бас маргалдаж байна шүү дээ. Монголоос бусад Азийн орнууд нэг өдөр шинэлдэг гээд…
-Заавал хүн бусдыг дууриаж, бусадтай таарч байх албагүй. Яг үнэндээ зурхай нь тусгаар тогтнолын бэлгэдэл болох асуудал ч бий. Манжаас монголчууд тусгаарлаж, Манж, Хятадын шар зурхайнаас татгалзаж, монгол хүний, монгол эрдэмтдийн зохиосон “Төгсбуянт” зурхайг 1912 оноос хэрэглэсэн юм шүү дээ. Манай зурхай монгол нутгийнхаа хуваарьт тохирсон түүх, соёлын олон утга учир агуулсан байна. Хятадууд хуанли, төвдүүд лит, монголчууд цагалбартай. Би зурхайч биш болохоор олон юм яриад яах вэ. Ганц зүйлийг чухалчилахад үндэснийхээ цорын ганц баярыг тэмдэглэхийн тулд харааж зүхдэгээ болиоч. Энэ бол буян бус гэдгийг бодолцооч. Зарлагын хувьд ажаад үзэхэд шинэ жилээр баар, ресторанд дуртайяа үрдэг мөнгөө бид цагаан сараар харамлах нь өлзий бус гэж хэлмээр байна.

-Цагаан сар шашны зан үйл их шингэсэн баяр шиг санагддаг.
-XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан юм. Цагаан сар гэдэг чинь жинхэнэдээ бөөгийн ёс. Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.

Шар өнгийн хадгийг номын багшдаа, харин урт наслахын бэлгэдэл болгож эцэг эхдээ Аюуш хадаг барьж золгодог ёстой юм. Өнөө цагийн үед уламжлал өвөг дээдсийн сургаалиа сайн мэдэхгүй хэрнээ мэдэмхийрч харайлгадаг явдлаас үүдэлтэй төвөг шалтгаан гарч байна гэж боддог.

-Залуучууд цагаан сарыг тэмдэглэх албагүй гэж ярих нь байдаг. Ийм учир ёс бий юу?
-Айл болсон л бол ёслох ёстой. “Амны бэлгээс ашдын бэлгэ дэлгэрдэг” гэж ярьцгаадаг шүү дээ.

-Танд баярлалаа. Цагаан сарын ёс заншил, үүх түүхийн тухай сонирхолтой яриа уншигчдад ач тустай болсон байх аа гэж бодож байна. Сайхан шинэлээрэй.

Ш.Даваадорж


jagaa wrote on Feb 11, '08
Hmmm. Uul ni ch saihan l bayar shuu. Daanch manaihan ene bayaraa arai l heteruulj temdegleed bgaa bolohoos. tegeed yag hedend temdeglehee ch yag tag shiidej chadahgui l baina shuu dee.
gunrox wrote on Feb 12, '08
Shiidtsen shuu dee uul n Jagaa. hehehe. Saihan yariltslaga bolson baihaar n sonin.mn ees avaad tavichikhsan yum.
Add a Comment
   
Mongolia ~~ The Edge of blue Sky ~~
Join this Group!Add to My Yahoo
Report Abuse
© 2012 Multiply · English · About · Blog · Terms · Privacy · Corporate · Advertise · API · Help · Sitemap

Template design - Copyright © 2005 Sam Royama All rights reserved.